Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БНМАУ-ын АИХ-ын депутатуудын 12 дахь удаагийн сонгуулийн 106-р тойргоос сонгогдсон Ардын Их хурлын депутат Магван овогтой Жадамбаа

2023-01-14

Магваны Жадамбаа нь 1949 онд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Өвөр Жаргалантын Улаан чулуу гэдэг газар төрсөн. 1967 онд Баянхонгор хотын арван жилийн дунд сургууль, 1975 онд ХААДС, 1983 онд Удирдлагын хөгжлийн академи төгссөн. Мал зүйч, улс төр судлаач мэргэжилтэй. 1978, 1984 онд ОХУ-ын Буриадын ХААИС, 1986 онд Герман улсад Нийгмийн ухааны академи, 1982 онд ОХУ-ын Красно-Ярск хотын Нийгмийн ухааны академид мэргэжил дээшлүүлсэн. Хөдөө аж ахуйн ухааны магистр цолтой. 1968-1971 онд армид хугацаат цэргийн алба хаасан.

1975-1978 онд Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд ерөнхий зоотехникч, 1978-1982 онд Баянцагаан суманд ерөнхий зоотехникч, 1983-1992 онд Баянцагаан сумын сум нэгдлийн дарга, 1992-1995 онд “Жаргалын зам” компаний захирал, 1995-2000 онд “Таван буур” хоршоо байгуулж даргаар нь, 2000-2004 онд Баянцагаан сумын ИТХ-ын дарга, 2004-2008 онд Баянбулаг сумын Засаг дарга, 2012-2016 онд Монголын Махны холбооны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Дээрх хугацаанд Баянхонгор аймгийн намын хорооны гишүүнээр 3 удаа, аймгийн АДХ-ын депутатаар 3 удаа тус тус сонгогдсон. Нэгдэлчдийн болон Хоршоологчдийн их хуралд удаа дараа сонгогдон оролцож байв. ХАА-н Хоршоологчдын Үндэсний Холбооны удирдах зөвлөлийн гишүүн.

М.Жадамбаа нь ХАА-н системд мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөтлөн явуулах шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт арга барилаас нэвтрүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэхтэй холбоотой бодлогын чанартай асуудлуудыг голлон анхаарч ажилласан. Энэ бодлогын хүрээнд хонин сүргээ хивсний үйлдвэрийн гол түүхий эд болох ширүүвтэр ноост Байдраг үүлдэр болон махны хэвшлийн илүү нугаламт Баянцагаан хэвшлийн хониор, ямааны ноолуурын гарцыг нэмэгдүүлэхээр Говь гурван сайхан үүлдрээр, тэмээн сүргийн товарлаг чанарыг нэмэгдүүлэхээр Ханан хэцийн хүрэн, Галбын улаанаар үржлийн ажлыг хийж Сэлэнгэ аймгаас сементал үүлдрийн үнээ авчран үнээний ферм байгуулснаас гадна 20 мэгжтэй гахайн аж ахуй, 2000 өндөглөгчтэй тахианы аж ахуй, 400 молтогчинтой туулайн аж ахуй зэрэг туслах аж ахуйг амжилттай хөгжүүлснээр сум, аймгийн хэрэгцээг хангаж байв.

Мал өвөлжүүлэх цогцолбор, отрын болон тууврын мал дамжин өнгөрүүлэх цэг, сум бригад бүрт малын хашаа хороо, нүхэн байр, катон хашаа, худаг, усан сангуудыг олноор бариулж малчдын материаллаг байдлыг бэхжүүлэхэд онцгой анхааран бүх малыг 1-1,5 ээлжийн хашаа, хороотой болгосон нь мал сүргийг өсгөх үндсэн нөхцөл болсон.100 эхээс авах төлийн тоог нэмэгдүүлснээр сум-нэгдлийн малын тоо толгойг 130,000-150,000 хүртэл өсгөж ямаан сүргийн тоогоор улсад 3-рт, хонин сүргийн тоогоор 6-рт орж байв. Нэг малаас ашиглах ашиг шимийг нэмэгдүүлсний тод жишээ нь жил бүр 18-22 тонн ноолуур, 100-120 тонн хонины ноос, 1200-1500 тонн мах бэлтгэн улсад нийлүүлж улсын төлөвлөгөөг 105-112 хувиар давуулан биелүүлж байлаа.

Ямааны ноолуур, хонь тэмээний ноос, хонь ямааны арьс зэрэг түүхий эд бэлтгэл нь  улсын чанарын стандартын аттестатчилаар жил бүр алтан медаль авч түүний зохих урамшууллаар материаллаг баазыг бэхжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг бий болгон ажилласнаар “Жаргалын зам” нэгдэл өөрийн мөнгөн хөрөнгө, санхүүгээр Баянхонгор аймагт тэргүүлж байв. Үүнээс гадна малчидтай ажиллах тэргүүний малчдын арга туршлагыг нэвтрүүлэх, малчдыг мал маллах арга ухаанд мэргэшүүлэх үзүүлэх сургалт семинарыг байнга зохион байгуулж ажиллаж байснаар малчдын идэвхи урам зориг сэргэж ажиллах хугацаанд нь тус сумаас БНМАУ-ын мэнд сүрэгтэн Ёндонгийн Сүрэндулам, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Г.Манхан, БНМАУ-ын хошой аварга малчин Ш.Отгоншар, БНМАУ-ын аварга малчин Л.Ганбаатар, Ж.Хасаг, Л.Төмөрсүх, Д.Халзан, Ц.Цэен-Ойдов, С.Дорж, Ж.Дамдинсүрэн, Б.Лхагва, Д.Намхай, Улсын залуу аварга мэргэжилтэн С.Готов, Улсын залуу аварга малчин Ж.Болд, Х.Түмэнхүү нарын зэрэг олон малчид төрөн гарчээ. Баянцагаан сумаас Хөдөлмөрийн баатар 2, Гавъяат нэгдэлчин 1, БНМАУ-ын аварга малчин 14, Залуу аварга малчин 13, Аймгийн аварга малчин 56 төрсөн нь хөдөө аж ахуйн хөдөлмөрийн сайчуул олонтой хамт олныг бүрдүүлж чадсан М.Жадамбаагийн удирдан зохион байгуулж ажилласан 30 гаруй жилийн хөдөлмөрийн үр шим байлаа.

1986-1987 онуудад тус суманд болсон ган, зудын улмаас бий болсон байгалийн бэрхшээлийг даван туулахад сумын хамт олон, малчид, аймаг орон нутгийн удирдлагуудын дэмжлэг туслалтайгаар хаврын тарчиг хүнд нөхцөлд   сар шахам хугацаанд 150 гаруй мянган малыг 240-360 км газарт машинаар хил залгаа 3 аймгийн сумдын отрын нутагт нүүлгэн шилжүүлж,   малын хорогдол хохирол багатай даван туулж мал сүргээ онд мэнд оруулсан нь тухайн үеийн залуу даргын зоримог шийдэл ажлын ур чадварыг харууллаа хэмээн үнэлэгдэж МАХН-ын Төв хорооны Нарийн бичгийн дарга Б.Дэжид бүрэлдэхүүний хамт тус сумд нисдэг тэргээр ирж ажил байдалтай нь газар дээр нь танилцан баяр хүргэж байлаа.

Зах зээлийн эдийн засагт шилжихээс өмнөх үед малчдад малыг түрээсээр олгож хувийн мал аж ахуйг хөгжүүлэх, малчдыг малжуулах бодлогыг Хөдөө аж, ахуйн яамны дэмжлэгтэйгээр улсад хоёр сумд хэрэгжүүлсний нэг нь Баянцагаан сумын “Жаргалын зам” нэгдэл байв

М.Жадамбаагийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ажилласан 30 гаруй жилийн хөдөлмөрийг үнэлэн төр засгаас Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын 60, 70, 80 жил, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Тэргүүний нэгдэлчин, Тэргүүний хоршоологч, ХАА-н тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус  шагнасан.

М.Жадамбааг Баянцагаан сумын хөдөлмөрийн хамт олон БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатуудын 12 дахь удаагийн сонгуулийн 106-р тойргоос Ардын их хурлын депутатад нэр дэвшүүлэн 97,3 хувийн саналаар сонгон итгэл хүлээлгэж байжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%